Сонгууль хаяанд ирээд хот хөдөөгүй дайны бэлэн байдалд орж, сумаа тоолоод буугаа цэнэглэж сууцгаана. Өмнөговь аймгийн хувьд орон нутагт ширүүн дайн болох нь өдөр өдрөөр тодорхой болж байна. Эхний дайралтыг Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд хийж 10 тэрбумын талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал хийсэн. Том дуугарсан ч хол явсангүй. Өмнөговь аймгийн АН ар сайтайгаа харуулаа. Үүгээр АН, МАН хоёр ач тач үзэж эхэлснээ илтгэлээ. Аймгийн МАН-ын хувьд дөрвөн жил өвс зулгааж өнгөрүүлсэн ч засаг барьж байгаа АН-тай холбоотой багагүй баримж архивласан нь тодорхой. Харин сум тавих цаг нь хэзээ вэ гэдэг л сонин. УИХ, Орон нутгын сонгуулиуд зэрэг явагдах уу тусдаа явагдах уу гэдгээс хамаарч тэдний үндсэн ажил эхлэх биз. Харин аймгийн АН-ын хувьд сүүлийн үед хамгаалалтын байдалд бүрэн ороод байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ мэдээллээс мэдэж болно. Тэр ч бүү хэл орон нутгийн үндсэн сайт, өөр бусад сайтуудаар бүтээн байгуулалт, тендерийн урилга зэргээ идэвхитэй хэвлэн нийтлэж эхлээд байгаа. Харин Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүдийн дийлэнх нь АН. Тэдгээр АН-ын гишүүд намынхаа болоод нутгийнхаа буянаар бүгд л нүүрс тээвэрлэдэг компанид нүүрсний машин явуулдаг. МАН-ын тоотой хэд нь мөн л машин явуулдаг сурагтай.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн сувгаар яригдаад байгаа засаг дарга Б.Бадраатай холбоотой барьцалдсан бантанг магадгүй тус аймгийн МАН идэвхитэй санхүүжүүлж байж ч болох талтай. Уг нь бол аймгийн АН ихэнхи хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн гэж дортоо шаагилдаад байгаа. Тэгэхээр аймгийн МАН-д хэвлэл мэдээллийн салбарт завсар зай муутай болох тал ч үүсэх боломжтой. Ирэх сонгуулийн хувьд хэн шударга нь гэхээсээ илүү хэн сайн хор найруулсан нь ялалтаа авна. Учир нь 2004-2008 онд аймгийн МАН засаг барьж байхдаа одоогийнхоос дутахгүй л хэм ам дагуулж засаг дарга нь ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжлүүлж байсан. Харин 2008-2012 оны хооронд аймгийн АН засаг барьж ажлаа дэндүү сайн хийж авилга, тендер гээд олон асуудалд орооцолдоод байгаа. Тэгэхээр сонгогчид хоёр чавганцаасаа аль нэгийг сонгож л таарах нь.
Хэрэв Өмнөговь аймагт гуравдагч хүчин идэвхитэй ажиллах юм бол боломж харагдаж л байна. Алийн бүр Х.Бадамсүрэнг сонгож ийм ч юм өгнө, тийм ч юм байгуулна гэх амлалтуудад нь дөрвөн жилийн мөчлөгтэй молигодуулж, алийн бүр Ц.Баярсайханг сонгож жилээс жилд тоггүй өвөлжиж, хүүхдүүд нь хүүхэлдэйн киногоо үзэж чадахгүй, авгай нар нь савангийн дууриа дуусгаж чадахгүй байхыг хүсэх билээ дээ. Цусан төрлийн ах дүү хоёр УИХ-ын гишүүн нэг нь МАН-ын, нөгөөх нь АН-ын гишүүн. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг хэвлэлээр хэлэхдээ ”Улсын мөнгөөр покерчин хүү бэлтгэж байгаа” гэх юм билээ. Энэ нь ч үнэхээр баримт нотолгоотойгоос гадна гишүүний хүү энгийн иргэн энэ насаараа ажиллаад ч хурааж чадахгүй их мөнгөөр тоглодог болж таарсан. Харин түүний дүү УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нь юм үзээгүй, нүд тайлаагүй байхдаа Өмнөговьд актласан дулааны цахилаан станц оруулж ирээд хэдхээн төгрөгийг нь цупаридсан юм байна лээ. Үйлийн үр нь жил бүрийн өвөл л их идэвхжиж хэвлэлээр нэг бичигддэг.
Ямартаа ч Өмнөговь аймгийн иргэдийг АН, МАН хоёрын ах дүү хоёр гишүүн, ар сайтай засаг дарга, араас нь мөрддөг аймгийн МАН-ын дарга гээд олон эрхмүүд хувааж идээд хэдэн арван жил боллоо.



0 comments