Хэлсэн үг болгон худлаа даа гэж бодоход хүргэдэг, хийсэн ажил болгон нь авилга хээл хахуулийн сүүдэр дагуулж явдаг их говийнхоны их итгэлийг даахгүй яваа нэгэн гишүүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн. Өмнөговийнхоо, тодруулж яривал Монгол улсынхаа газар нутгийг лангууны бараа мэт баруун зүүнгүй наймаалцаж байгаа баримт мэдээллийг та бүхэнд энэ удаа хүргэх гэсэн юм. Түүний хүү гадаадад их хэмжээний мөнгөөр хөзөр тоглодог бол харин гишүүний суудал бөглөж суугаа эрхэм Х.Бадамсүрэн Монголын газар нутгийг хэсэг хэсгээр хөзрийн бооцоо болгоод тоглож сууна. Тэгсэн хэрнээ өөрийгөө уул уурхайн салбарын шилдэг нь хэмээн өргөмжилж хэвлэл мэдээллээр ичихгүй ярьж явна.
Төрд орохоосоо өмнө буюу Төрийн өмчит компани болох Монголросцветмент нэгдлийг толгойлж байхаасаа л хууль гэдэг түүний хувьд юу ч биш байсан. Гэтэл одоо төрд шургаж хууль батладаг болсон эрхэм гишүүнд хууль гээч юу болж хувирсан бол? Цагаандаа гарч их барисан ч өмхий бага барисан ч өмхий гэгчээр энэ дөрвөн жил сүүлийнх юм шиг аяглах болжээ. Төрийн өмчит компани болох Монголросцветмент нэгдлийг толгойлж байхдаа л хууль хяналтын байгууллагын хаалга татаж явсан гишүүнд одоо хууль үйлчлэхээ байж харин ч хуульд нөлөөлж өөрийн хүссэн газрын наймаа, хууль бус үйлдлүүдийг хийх болжээ. Угийн л уул уурхай, алт олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголросцветмент нэгдлийг толгойж байсан хүний хувьд газар шорооны наймаагаар мэргэшихэд хүргэсэн бололтой. Монголросцветмент нэгдлийг хөгөнгөөр хувийн барилга угсралтын байгуулсанаас эхлээд жонш борлуулах гэрээг тухайн үеийн зах зээлийн үнээс байж боломгүй бага үнээр хийснийхээ төлөө 300 мянган ам долларын хахууль авч байсан үүх түүх бий. Мөн “Шижир алт ХХК”-тай хамтран Монгол болоод ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг ч хэрхэн хуулийн дагуу шийдвэрлэгдсэнийг хэн ч мэдэхгүй одоо хүртэл явж байна.
Тухайн үед гарсан Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн бэ гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагын нэг ч албан тушаалтан батлаагүй. Магадгүй буруу гаргасан шийдвэрээ батлах сонирхол, хүсэл зориг ч тэдэнд байгаагүй биз. Уг нь дээрх хэрэг явдлын шүүх хурал болоход улсын яллагч Х.Бадамсүрэнд өөрт ноогдох хувийн өмчөөс гурван сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял эдлүүлэх ял төлөвлөж байсан санагдана. Ингэж шорон оронд орохдоо тулж явсан хүн гэнэтхэн л халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн болоод суучихсан гайхалтай түүх бий.
Монголросцветмет нэгдлийг удирдаж байхдаа Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь эдүгээ Ашигт малтмалын газрын дарга болтлоо суга дэвшчихээд байгаа, тухайн үед Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хань хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдчихээд, дараа нь Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдаж байхад Х.Бадамсүрэн гэрчээр мэдүүлэг өгч байв. Түүнийг Монголросцветмет нэгдэл ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ерөнхий геологич нь хууль бус зүйл хийж байхад таслан зогсоохгүй яасан бэ гэдгийг авлигатай тэмцэгчид сонирхоод л өнгөрснөөс бус энэ хэрэгт тэрбээр хутгалдсан уу гэдгийг шалгаагүй.
Яаж ч бодсон ерөнхий геологочийнхоо хийж байгаа хууль бус үйлдлийг удирдах албан тушаалтан нь мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Үүнийг ч тэдэнтэй цуг ажиллаж байсан хүмүүс баталдаг юм билээ. “М.Ариунбаяр ганцаараа ийм юм хийж чадахгүй, олуулаа нийлж байж л хийсэн. Тэр дундаа Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Одоо тэр ордыг авсан хятадууд баяжуулах фабрик барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг.
Төрийн түшээ болчихоод ч тэр хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Өмнөговь аймгын Номгон сумын нутаг дахь, хятадуудын 100 хувь ашиглаж байгаа хар тугалгын ордоос 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам тавих ажил эхлүүлэх зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хөөцөлдөж байна гэдэг мэдээлэл сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Тэр ч бүү хэл дээрх ордыг Х.Бадамсүрэн хятадуудад зуучилж худалдсан төдийгүй ордын ашиглалтын талбай нь Алтайн уулсын бага хэсгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг өөрчлүүлсэн тухай мэдээлж байна.
Төрөөс хумслаад тэрбумтан болж болдгийг, тэрбумын хөрөнгөөрөө төрийн түшээгийн суудлыг худалдан авч болдгийг, тэр суудлаа ашиглаад хууль бус бүхнийг хориг саадгүйгээр хийж болдгийг, хувийн бизнесээ хөгжүүлж болдгийг Х.Бадамсүрэнгийн ажил, амьдралын замнал ийнхүү харуулж байна. Ийм л хүнээр бид төр түшүүлэхээр сонгочихож. Үүнээс хойш Х.Бадамсүрэн мэтийн хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож сонгомооргүй байгааг уншигч түмэн минь тунгаана биз ээ.



0 comments