News RSS Umnugobi.Info

Та ямар үзэлтэй вэ?

Posted by Б.Чимэдцэрэн Monday, 12 March 2012

Улс төрийн ухааны доктор Орсоогийн Чимэгмаа
 Хагас жилийн өмнө би улс төрд орохгүй гэж боддог байлаа. Өмнөх нийтлэлүүддээ ч тэгэж бичдэг байлаа.
 Олон хүн надаас асуух юм. – Чи ийм олон жил гадаадад улс төрийн ухааны доктор хийчихээд тэгээд одоо яагаад эх орондоо эргэн ирж сурсан мэдсэнээ гаргахгүй байна ? Хайран сайхан сурсан мэдсэн зүйл алга боллоо гэж.
 Та бодоод үз дээ, Би Монголын улс төрд ороод яах вэ, Бөөн мөнгө гаргаж өөрийгөө суртчилах хэрэгтэй болно, есөн шидээр өөрийгөө муулуулна, дээрээс нь өөрийгөө золиослоно гэсэн үг шүү дээ. Надад их мөнгө байхгүй, бас дайрч давшлахыг даах сэтгэлийн тэнхээ бас байхгүй. Гүзээгээ даахаа больсон догшин олигархуудын хажууд би юу юм бэ?
 Монголын улс төр бол шинжлэх ухаан биш Монголын улс төр бол азтай аавын хүүгийн азаа үздэг талбар болоод лав 15 жил болж.
 Гэвч 2012 оны 2 сарын 2ны өдөр миний эрдмийн багш Мишэл Мартинтай уулзаж 1 цаг хөөрөлдснөөр орохгүй гэсэн шийдвэр маань эцэс төгсгөл болов.
 Үхэхээс бусдыг үзсэн өвгөн миний муу багш дэлхийн олон орноос ирсэн олон оюутнуудыг сургаж төгсгөсөн сурган хүмүүжүүлэгч бөгөөд надад яагаад ч юм их итгэдэг юм. Тэмээ хариулдаг хүн буурынхаа занг мэддэг болохоор надад цөөхөн үгээр их юм ойлгуулчихсан юм шиг байна.
 - Ази, Африкийн олон орнуудын шинэ залуус нутгийнхаа олигархуудаас айгаад тайван амгалан Францад амьдралаа сонгодог. Ард түмнийгээ та нар тэнэг гэж бодож болохгүй. Алив ард түмэн Төрийг минь удирдаад явж чадах болвуу гэж найдаад баян бизнесмэн, нэрт тамирчин, жүжигчин гэх мэт хаа хамаагүй хүмүүсийг сонгочихдог тал байдаг боловч төр улсын чинь заяа хувь тавилан түшвэл алга болсон сэхээтний уламжлал нь сэргэдэг юм шүү,  Хадагтай Орсоо (Францад овгоор нь дууддаг) та биеэ нөөж амьдрах уу, эсвэл хүнд хэрэгтэй юм хийхүү гэдгээ өөрөө шийд. Өдий зэрэгтэй байгаа чинь чиний л хөөрхий эх орон ард түмний чинь ач шүү. Заавал сонгогдохын төлөө оролцох хэрэггүй, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ олон түмэнд хүргэхийн төлөө сонгуульд оролцох хэрэгтэй гэлээ.
 Ингэж хэлэхийг нь сонсоод би өөрөөсөө их ичлээ. Нээрээ би ч бас их тэнэг хүн юм. Би Монгол эх орондоо үнэгүй дунд боловсрол эзэмшсэн, үнэгүй эмчилгээнд хамрагдсан, эх орноороо их тэтгүүлсэн. Одоо гэтэл миний эх оронд миний хувь нэмэр хэрэгтэй байж болно.
 Мөнгө төгрөгөөрөө өөрийгөө бүрэн төгс рекламдсан, олон өнгийн гоё суртчилгаа телевиз радиогоор зай завсаргүй явуулсан, маш нарийн ялах төлөвлөгөө боловсруулсан хашир бурхиудтай би үзэлцэнэ гэдэг бол харганы унгас түүж гэр барина гэдэгтэй адил л байх л даа.
 Монголд  ганзагын наймаачдаар төрөө бариулаад олон жил болжээ. Энэ байдал биднийг юунд хүргэв? Одоо цаашид хааш нь аваачих вэ? Уншигч таны өмнөөс би энэ асуултанд хариулахгүй. Дор бүрдээ та бүхэн өөрийн гэсэн дүгнэлттэй байгаа.
 Гол нь сонгогчдоо та бүхний улс төрийн мэдлэгт би хувь нэмрээ оруулая гэж бодлоо. Эх орныхоо төлөө би үүнийг хийж чаднаа.
 2011 оны 4 сард улсын их хурлын дарга Дэмбэрэл хэсэг гишүүдийн хамт Францад ажлын айлчлал хийж яваа юм гэнэ. Гоё ганган хувцас хунар өмссөн, том дарга нар улсын мөнгөөр зугаалж яваа нь ойлгомжтой бөгөөд бүгд онгиролтын байдалтай бага зэрэг халсан байхыг үзээд өмнөөс нь ичмээр ч юм шиг.
 Тэд Францад байгаа монголчуудыг хүлээн авч цөөхөн минут үргэлжилсэн бяцхан уулзалт хийв. Тэр уулзалтыг Дэмбэрэл гуай нээж хэдэн үг хэлсэн нь миний толгой дээр аянга шиг буув.
Францын Улсын их хурлынх нь дарга хэрэв гадаадад ийм үг цухуйлгасан бол ард түмнийхээ өмнө ичгүүр сонжуур болж орон даяар францчууд ажлаа хаяж тэр хүний улс төрийн карьэр лөөлөө болох байлаа. Гол нь тэнд байсан монголчууд тоосон шинжгүй сонсож суухыг үзээд арай ч дээ гэх сэтгэгдэл төрж байлаа. Дэмбэрэл гуай ийм үг хэлсэн юм!
- Манай улсын эдийн засаг дээшлэнэ. ДНБ ойрын үед их өснө. Бидний барьж буй бодлого бол эхлээд эдийн засгаа сайжруулчихаад дараа нь нийгмийн хангамжаа сайжруулана гэнэ.
 Энэ 3 өгүүлбэрийн сүүлийн өгүүлбэр нь намайг шооконд оруулсан юм. Олон жил улс төрд зүтгэсэн энэхүү ахмадыг би муулах гээгүй байнаа. Дэмбэрэл гуай гол нь өөрийгөө ямар улс төрийн онолоор явдаг хүн бэ гэж өөрийгөө дүгнээгүйгээр улс төрд 20 жил зүтгэсэн олон “улс төрийн зүтгэлтэнгүүдийн” нэг юм байна. Тэгээд гол нь зүүний намаас гарсан гэж байгаа.
 Олигархуудийн улс төр бол ямарч онолгүй зөнгөөрөө явдаг улс төр. Дэлхий даяар улс гүрэн болгон баруун зүүн хэмээх үзэлд хуваагдаж тэр үзлийн тэнцвэр дээр явдаг байтал Монголд бол сонгогч нь ч сонгогдогч нь ч энэ талаар ямарч ойлголт байхгүй.
 Баруун зүүн гэж хуваагдах шаардлагагүй гэж үздэг. Дэмбэрэл гуайн үг яагаад намайг шооконд оруулсан бэ гэвэл төр өөрийнхөө хариуцлагыг үүрэхгүй иргэдээ зөнгөөр нь хаяад амьдарч чадах нь чад, чадахгүй бол хохь чинь гээд 20 жилийн өмнө хөсөр хаясан иргэдээ дахиад тодорхойгүй хугацаагаар хүлээлгэх юм гэнэ. Эдийн засагаа ч нийгмийнхээ хангамжийг ч хамт авч явах ёстой манай парламентийн дарга ийм үг хэнэгч үгүй хэлээд сууж байна даа.
 Оюу толгой таван толгойг улс төр гэж боддог юм шиг байна. Төр өөрийнхөө хариуцлагыг үүрэхгүй цагт ямарч нийгэм дээшлэхгүй. Ямарч нийгэмд өөрийн чадвараар амьдрах чадваргүй арчаагүй улс байдаг юм. Тэр хүмүүсийг та нар хүлээж бай гэж Дэмбэрэл гуай хэлж байна. Харгис архичин нөхрийн гарт зодуулаад гэртээ орж чадахгүй хүүхдүүдтэйгээ гадаа – 30 С д хонох гэж зовж яваа олон хүүхнүүд байна. Тэр хүүхнүүдийг та нар хүлээж бай гэж Дэмбэрэл гуай хэлж байна. Ямарч шалтгаангүйгээр ажлаасаа халагдаад гэрт хүлээж буй тормойсон алаг үрсээ яаж тэжээх вэ гэж зовсон залуугийн сэтгэлийн гүн шаналалыг монголын олигархууд ойлгох ямарч чадваргүй.
 Иргэн та хэдэн сарын дараа сонгуулиа өгнө. Сонгогч та үзэл баримтлалаа сайн мэдэх хэрэгтэй. Гоё ганган реклам гоё үгэнд дэндүү олон жил хууртлаа шүү. Тийм учраас үзэл баримтлалаа зөв тодорхойлох хэрэгтэй. Би танд экспрэсс хэлбэрээр явуулая.
 Барууны үзэл
 - Эхлээд эдийн засгаа сайжруулчихаад дараа нь ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг бодолцоно.
 - Хуучны өөрийн уламжлалаа хэвээр хатгалана.
 - Манай үндэсний эрх ашиг бол бусдаас илүү.
 - Аливаа нийгмийг ажил олгогч, хөрөнгө оруулагч нар авч явдаг тул тэднийг дэмжих хэрэгтэй.
 - Хэн их ажил хийж амьдарсан нь нийгэмд хождог.
 - Нийгэм бүхэлдээ нарийн зохион байгуулалттай сахилга баттай байхёстой.
 - Үндсэрхэг бөгөөд аливаа нийгэмд зиндаа гэж байх ёстой.
 Зүүний үзэл
 - Нийгмийнхээ нийт масс, ард түмнээ асран тэтгэхгүйгээр тэр нийгэм урагшлахгүй.
 - Нийгмийн нийт иргэд бүх ард түмэн орлогийнхоо төвшнөөс үл хамааран тэгш эрхтэй, сурч боловсрох, эмчлүүлэх ажил эрхлэх хэмээх суурь эрхийг хүн бүр эдлэх ёстой.
 - Орлогынхоо төвшнөөр ямарч хүнийг ялгаварлан гадуурхах ёсгүй.
 - Хэт баяжих, хэт ядуурахын эсрэг тэмцэнэ.
 Үүн дээр хэт баруун (нацист, фашист, үндсэрхэг), хэт зүүн (коммунист, марксист, троцкист). Ямарч группийн хэт үзлүүд аюултай. Манай нийгэм сүүлийн 20 жил хэт барууны үзлээр явсан байна шүү. Энэ үзлийн гайгаар монголын олон иргэд золиослогдсон юм шүү.
 Дэмбэрэл гуай та миний энэ бичсэнийг олж үзэх байх гэж найдаж байна. Архидалт юунаас болоод байна гэж та боддог вэ? Иргэдээ зөнд нь хаясан эргүү төр олон иргэдээ шооконд оруулаад хаяснаас. Ийм төртэй байж Өдий зэрэгтэй ард түмэн минь амьдраад явж байна гэдгээр би бахархдаг.
 Бүгдээрээ та нар гоё юм ярьдаг атлаа яг юу хийхээ сайн мэддэггүй юм шиг байна. Нийгмийн халамж гэдгийг сарын 21000 төгрөг гээд бодчихсон улстай юу ярих вэ? Хавтгайруулан олгож байгаа энэ мөнгө чинь халамж биш хариуцлагаасаа зугатсан төрийн нэг илрэл юм шүү.
 Олон хөшөө дурсгал барьж мөнгө цацахын оронд та ганц ч насанд хүрээгүй хүүхдүүд, харах асрах хүнгүй настай эмээ өвөө нарыг гадаа өвөл унтуулах ёсгүй гээд тэмцэх ёстой байж дээ. Олон сайхан цэцэг шиг охидууд новшнуудад бузарлуулаад хэлж чадахгүй бэлгийн дарамтанд байдгийг та мэдэх үү?
 Яагаад тэр охидууд хэлж ярихгүй ил гарахгүй байна? Яагаад гэвэл төр нь тэднийг тоодоггүй хохь чинь гээд хаядаг юм.
 Миний хувьд би шинэ социалист зүүний үзэлтэй. Социалист үзэл бол 20 жилийн өмнөх захиргаадалт нийгэм рүүгээ эргээд орьё гэсэн үг биш. Монголд одоо хамгийн их үгүйлэгдэж байгаа үзэл юм шүү. Хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй төрийн энэ гай дахиад 20 жил үргэлжлэх магадлалтай. Үр дагавар нь архидалт, гэр бүл салалт, нийгмийн ухамсарын доройтол, ажилгүйдэл, уур уцаар, авилгал…
 Монгол улсын төрд хариуцлага хүлээлгэх ёстой. Төр өөрийнхөө үүрэг ёсыг сайн ухаарч байж ард түмэндээ нэр хүндээ олж авна.
 Үргэлжлэл бий.

http://www.umnugovi.mn

0 comments

Post a Comment