News RSS Umnugobi.Info

 Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа найз нөхдийнхөө хүрээнд “Миний зорилго бол шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газрыг гартаа авч, МАХН-ын 10 лидерийг шоронд хийж хоёр дахь удаагаа сонгогдох явдал” гэсэн байдаг.
Харин сар шинийн дараахан АН-ын лидерүүдийг дуудан золгох үеэрээ “За, бид энэ сонгуульд УИХ-д олонхи болно гэдэг өнгөрчээ.
Угаасаа алдсан байна. Тэгэхээр орон нутагт ядаж хэдэн газарт засаглах эрхтэй үлдэхийн тулд ажиллая…” гэж ээлжит, дараагийнхаа “тангараг”-ийг тавьжээ.
Энэ санаа үг болон гарсан нь л сар шинийн дараа болохоос биш үйл хэрэг болж гүйцэлдэж эхэлсэн нь эртнийх байлаа.
Сав л хийвэл Авлигатай тэмцэх газраас шалгалт орох болсон аймгуудын түрүүч Орхоны Засаг дарга хоромхон зуур дээлээ нөмөрч, Говьсүмбэрийн Засаг дарга гэхэд өнөөдөртөө Ганц худагаас суллагдсан байх жишээтэй.
Ямар сайндаа л, үг зөрөлдөж, муудалцсан нэгнийгээ “Аймгийн дарга болмор…” гэх “ерөөл” нийтийн дунд гарсан байхав дээ. Ардчилсан нам орон нутагт засаглалаа хэрэгжүүлдэг Өмнөговь Сүхбаатар, Дорноговь, Завхан гэсэн дөрвөн аймаг бий.
Нэгэнт аймгуудын Засаг дарга нар шалгагдаж, хариуцлага хүлээж эхэлсэн юм чинь ижил түвшинд эрх мэдэл хэрэгжүүлж байгаа утгаар АН-ын, МАН-ын гэлтгүй бүгдийг нь шалгах л ёстой болж таарна байх.
Гэмт хүн гэлбэлзэхийн үлгэрээр аль аймгийн, хэн гэгч нь, хэрхэн ажиллаж буй, ямаршуухан хэл ам дагуулах магадлалтайг АНынхан өөрсдөө ч гадарлаж суугаа сурагтай. Монголын хамгийн баян аймаг болохоор УИХ-ын гишүүн байхаас ч чухалд үзэгдэх болсон Өмнийн говийн дараагийн Засаг дарга хэмээн УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн нэр яригдах болоод багагүй хугацаа өнгөрч байгаа гэгдэх юм.
Тийн нам нь хүртэл түлхэхэд бэлэн байгаа, өмнөговьчуудын нэрлэснээр “АН-ыг тэжээгч олигарх” болсон Б.Бадраа гэгч хэн бэ? Аймгийнхаа нутгийн зөвлөлийн дарга нарыг Улаанбаатарт үнэтэй зочид буудалд хүлээн авч, улстөрийн санаархлаа эв хавгүй тоочиж суудаг тэрбээр ямартай ч Өмнөговийн төвд оффислодоггүй гэж байгаа.
Өмнөговь аймагт Тавантолгойгоос 70 тэрбум орж ирсэн бол 40-ийг нь улсад өгөөд 30 тэрбумыг хүн бүрт 500 мянгаар тараана, Ерөнхий сайд С.Батболд шиг 21 мянгадаж онигоо болохгүй хэмээн хувийн эд хөрөнгөөр бусдад хайр ивгээл хүртээх тухай ярьж байгаа мэтээр аашилдаг нэгэн.
Б.Бадраагийн “ХААН” банкны хувийн харилцах 5885061266 тоот дансанд 2009 оны тавдугаар сард 831 сая төгрөгөөс “Таван толгой транс” компанитай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу хүлээн авсан орлогыг хүн ам, хувь хүний албан татвар ноогдуулалттай холбогдуулан шалгахад 500 шахам сая төгрөгийн нуун далдлалт илэрсэн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах явцдаа өршөөгдөн замхарсан байна.
Орон нутгийн өмчит жижиг Таван толгойн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан Б.Бадраагийн талаар өөр олон баримт бий. Сүүлийн хоёр жилд нийт 10 удаагийн захирамжаар орон нутгийн төсвийн 500 сая гаруй төгрөгөөр хувьдаа автомашин авчээ.
Хүрмэн сумын сургуулийн дээвэр засахын тулд байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзсэн, бүтээн байгуулалтын гүйцэтгэл огт хийж байгаагүй “Сэврэй хайрхан” групптэй ямар ч тендерийн шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж 120 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байх юм. Орон сууц худалдан авалтыг дэмжих нэрийн дор аймгийн Засаг даргийн Тамгын газрын Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Н.Жамъянхоролыг хэдхэн сарын хугацаатай хоёр удаагийн шийдвэрээр нийт 24 сая төгрөгөөр “ивээн тэтгэсэн” байдаг.
Төрийн албан хаагчийн нийгмийн ахуй хангамжийг харж үзэх, шийдвэрлэх үүргийнхээ дагуу биш Н.Жамъянхоролыг л байртай болгох нэрээр мөнгө гаргах, сургуулийн дээвэр засварлахын ач холбогдолтойд биш мөнгө гаргахын тулд багахан хугацааны өмнө “Сэврэй хайрхан” компанийг байгуулсан гэхчилэн яриаг Өмнийн говьд амтай бүхэн шаагиж байдаг гэж байгаа.
Д.БатЭрдэнэ хэмээгчийг Засаг даргын орон тооны бус зөвлөх гэх хуурамч албан тушаалаар “Тавантолгой транс” компанид орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэгчээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилуулахаар хөөцөлдөж явсан нь танил талаараа бүлэрхэж аваад хувийн сонирхлоор ажиллах орчин бүрдүүлэхийн төлөө үхэн хатан явдгийн нь илрэл гэж болно.
Төрийн бодлогоор тараагддаг мөнгийг С.Батболдын хувийн халааснаас ард түмэнд зүгээр цацдаг мөнгө болгон ярьж Ерөнхий сайдтай арцалддаг тэрбээр Төрийн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтах ихээхэн талбайг 15 жилийн хугацаатай бусдад эзэмшүүлэхээр олгожээ.
“Сантранс” компанид мөн л тусгай хамгаалалттай газраас дур мэдэн олгосон учраас үүний ард гарцаагүй их хэмжээний мөнгөний наймаа явагдсан байж таарна хэмээн өмнөговьчууд ам дамжуулан ярьсаар байгаа гэх.
Засаг дарга саяхан Гашуун сухайтаар гардаг нүүрсний машин бүрээс 5 юаны хураамж татах “зарлиг” буулгажээ. Тэр ч яахав, алдаатай булхайтай ч гэсэн одоохон доо эрхээ хэрэгжүүлж буй эзэн юмаа мэдэж байгаа хэрэг биз. Гэтэл монгол төгрөгөөр бус юаниар тооцож тэрхүү татварыг барагдуулах ёстой нь ямар учиртай вэ.
Өмнөговь аймаг Монголынх болохоос Хятадынх биш байлтай. Ийн орон нутгийн удирдлага нь ажил хийхээсээ илүү мөнгө нэхсэн, эсвэл мөнгө саах гэсэн хүмүүс болж хувирсныг Өмнөговь аймагт ажилладаг компанийхан ярьж байгаа.
Д.Оюунбатыг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийн хөрөнгийг бүрэн зарцуулаагүй гэж мэргэжлийн экспертүүд дүгнэсэн байдаг.
Мөн тус аймагт зарласан таван тендерийн гурав нь хууль бус болсон гэхчилэн хагас дутуу юм дуулддаг. Иймэрхүү л тодорхой бус шалтгаанаар Д.Оюунбатад 2.6 жилийн хорих ял оногдуулчихсан.
Харин Өмнөговийн Б.Бадраагаас баригдах баримтуудыг дээр өгүүллээ. АН-ыг тэжээдэг ачийг нь АН-аас гарсан Ерөнхийлөгчийн команд үл ойшаан өнгөрүүлэхгүй л юм бол Өмнөговийн Б.Бадрааг ч шалгах цаг болжээ.


http://www.umnugovi.mn

0 comments

Post a Comment