News RSS Umnugobi.Info

Урагшгүй хааны увайгүй түшмэдүүд…

Posted by Б.Чимэдцэрэн Saturday, 3 March 2012

Орон нутагтаа хэм­жээгүй эрх мэдлээ бататгаж, хурааж цуглуулснаараа бизнесмэнүүдтэй ч ач тач үзэх Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бад­раа ирэх сонгуулиар намынхаа нэр дэв­шигчдийг амжилттай уралдуулж, шанд нь Засаг дар­гын зөөлөн суудалдаа улам тухлан суухыг илүүд үзэж байгаа бололтой. Орон нутгийн хэмжээнд дархлагдсан гэмээр эрх мэдэлтэн гэхэд ташаарахгүй л нэгэн. Сая­хан суудлаасаа ховхорсон Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Ганц худагт мөр­дөн шалгагдаж байгаа Говь­сүмбэрийн Засаг дарга Ж.Баян­мөнх зэрэг аймгийн засагаас ангалын нүхрүү зүглэж байгаа эрхмүүдээс суралцах зүйл их байгааг олон түмэн харж байгаа байх. Бусад Засаг дарга нар ч дайны бэлэн байдалд шилжиж байгаа нь нууц биш биз.

Монголын 21 аймгийн Засаг дарга нараас муугаар дуу­дуул­даг, иргэдийнхээ дунд нэр муутай, төрийн юмыг өөрийн юм шиг туйлдаг цөөнгүй эрхмүүд байдгийг ард түмэн мэдэх байх. Айм­гийн Засаг дарга гэхээрээ л хувийн ком­панидаа ажиллаж байгаа мэтээр аашилдаг Засаг дарга нар эдгээр эрхмүүд дунд олон бий. Тэдний хууль бус үйлдэл, хэрээс хэтэрсэн зангийн жишээг Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг эхлүүлж байсан. Тэрбээр саяхан шахуу Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв жур­мын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор хахууль авсан нь тогтоогдсон.
Өмнөговь аймгийн За­саг дарга Б.Бадраагийн хувьд Мон­голын баялгийг хэв­лий­дээ шингээсэн аймгийн Засаг даргын суудлаасаа хөн­дийрөх бодолгүй яваа гэнэ. Нам  нь ч Монгол ор­ны эрдэнэсийн баялгийн цөм болох тус аймгийн го­лом­тоос өөрийнхөө хүнийг сал­гах бо­долгүй байгаа аж. Улс­тө­рийн хүрээнд хүртэл УИХ-ын гишүүний суудлыг   танайх ав, харин манайх аймгийн За­саг даргаа авна гэсэн тул­ган шаардах өгсөн гэх нь ч бий. Ирэх сонгуулийн мөн­гөний урсгалыг бүрдүүлэх тус тойргийн мандат ийн­хүү ямар ч үнэгүй болж байна. Тий­мээс эрх ба­риг­чид Өм­нөговь аймгийн удирд­лагыг  гарт­аа хийх тэмцлийг  далд эхлүүлээд байгаа аж.
            Саяхан Өмнөговь аймгийн Манлай сумын засаг дарга Х.Сугир, аймгийн МАН-ын дарга С.Бөхзориг нар мэдээлэл хийхдээ аймгийн Засаг Б.Бадрааг төсвийн хөрөнгөөс 500 сая 410 мянган төгрөгийг авто машин авах нэрийдлээр хувьдаа завшсан хэмээн мэдэгдэл хийсэн. Мөн Өмнөговь аймагт ажилгүйдэл, ядруурал бодитой буурахгүй, цөөхөн тооны албан тушаалтнууд богино хугацаанд хэт их баяжаад байгаа хэмээн тайлбарлалаа. Аймгийн удирдлагууд “Бүтээн байгуулалтын ажил хийх нэрээр орон нутагт хөрөнгө оруулалтын олон арван тэрбум төгрөгний ажлуудыг тендергүйгээр гүйцэтгүүлэх эсвэл тендер зарласан болж өөрсдийн ах дүүс танил талдаа өгч улсын болон орон нутгийн төсвийг хуваан завшиж байна гэж үзэж байгаа аж. Түүний нэг жишээ нь зам засварын тендер яах аргагүй мөн гэж нутгийн иргэд ч шивэр авир хийж байна.
Өмнөговь аймгийн төв гэрэл цахилгаанаар байнга гачигдаж, өмнөх онд “Ланд унах заяатай ч лаа барих тавилантай” гэсэн хэлц үг хүртэл харчээ. Энэ он гарсаар гэрэл цахилгаантай бүтэн 7 хоногийг үзээгүй нь ч үнэн. Халдварт шар өвчин газар авч, халаалт дулаан тасалдснаар хөгшид хүүхэд даарч, ханиад томуу ихэсч, ард иргэд нь эрүүл мэндээрээ асар их хохирч байхад аймгийн удирдлагууд, ЗДТГ-ынхан бөөн бөөнөөрөө Хайнан, Хонконг болон Герман зэрэг гадаадын орнууд руу алба албаараа ээлж дараалан зугаалж төсвийн мөнгөөр хүн болж төрснийхөө хувь тавиланг үзэцгээж байна. Ард нь харин ард иргэд нь даарч, хүүхэд хөгшид нь хүүхэлдэйн киногоо үзэж чадахгүй өвлийг үдэж байна.
Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй хоёр телевиз нь аймгийн удирдлагуудын хувийн эзэмшлийнх тул түүгээр өөрсдийнх нь бодлогын чанартай мэдээ мэдээлэл цацагддаг ажээ. Аймгийн ИТХ дээр санал шүүмжлэл гардаг хэдий ч олонхиороо АН-ынхан шийддэг нь ч наад захын улстөржсөн арга барил болох нь тодорхой.
            Өөр нэгэн эс сурвалж Б.Бадрааг газрын наймаанд гар бие оролцоод удаж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Тус эх сурвалжид Өмнөговь аймагт газар авсан жирийн иргэн тун цөөхөн. Түүнийг нь эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс л авдаг болохыг баримтаар жишээ болгон гаргасан байна. Тэрээр Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг ноцтой зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газар болох дархан цаазтай газарт дур мэдэн аж ахуйн нэгж байгууллагад газар    эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож үүнтэй ижил  захирамжуудыг удаа дараа гаргаж байгаа гэнэ. Тухайлбал, 2009 оны аравдугаар сарын 23-ны 606 тоот захирамжаар “Тавантолгой транс” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтад байрлах 180 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 150506036 тоот дугаартай шийдвэр гаргасан. Ханбогд сумын дээрх газрыг УИХ-ын 1996 оны 43 тоот тогтоолоор Говийн бага дархан цаазат газар болгож, улсын тусгай хамгаалтад орсон юм. Хуулиараа бол Засаг даргад газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, эрх олгохыг зөвшөөрсөн нэг ч үг, өгүүлбэр байхгүй атал ингэж өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль бус захирамжууд гаргаж байгаа гэнэ.
Дээрхи хэрэг зэргээс үүдэн цагдаагийн байгууллагад шалгагдсан боловч Өршөөлийн тухай хуульд хамруулж хэргийг нь хүчингүй болгосон. Энэ нь хүчний байгууллагыг АН гартаа авсан болохоор энэ хүний хууль бус үйлдлүүдийг удаа дараа нууж  байгаа юм. Өршөөлийн хуульд орсон гэх хэргийг нь сөхвөл  “Тавантолгой транс” ХХК-д  гурван жил дэд захирлаар ажилласан одоо Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун 2008 оны гуравдугаар сараас нүүрс тээвэрлэх хүнд даацын  ӨМА 44-03 улсын дугаартай автомашин түрээслэж, олсон орлогоо бэлнээр болон  банкин дахь хувийн карт, дансаар хүлээн авсныг илрүүлж албан татвар төлсөн эсэхийг шалгахад 54.1 сая төгрөг нуусан зөрчил илэрч цагдаагийн байгуулагад шалгагдсан байдаг.
Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” компаний 51 хувь нь орон нутгийн өмч болсон  тус уурхайн ТУЗ есөн гишүүнтэй, үүний тав нь аймгийн төрийн төлөөллийн хүмүүс байдаг. Эдгээр есөн хүн жилд ердөө 1-3 удаа л  хуралдаж, хэнд нүүрс экспортлох зөвшөөрөл өгөх, ямар үнээр худалдах зэрэг асуудлыг шийддэг.
2008 оны орон нутгийн  сонгуулиар АН-аас амласан “нутгийн хишиг” хэмээх 500 мянган төгрөгийг өгнө гэж  жил бүр аймгийн төсөвт тусгадаг. Эхний жилд 100 мянган төгрөг өгсөн. Харин 2011 оны эхэнд 2.5 тэрбум төгрөгийг нутгийн хишигт өгнө гэж төсвийн тодотголоор 10 тэрбум болгон өсгөсөн ч тус ондоо олгоогүй. Хамгийн гол нь энэ их мөнгийг юунд ашигласан, хаашаа алга болсон нь тодорхойгүй.
            Эцсийн дүндээ нэгдүгээрт БИ хоёрдугаарт НАМ гуравдугаарт гэж БАЙХГҮЙ гэсэн зарчимаар ажиллах юм бол баялагтай говьд балаг нүүрлэх нь дамжиггүй ээ.


Эх сурвалж: http://www.umnugovi.mn

0 comments

Post a Comment