Юуны өмнө Монголын газар шороогоо хайрлаж явдаг эх оронч уншигч танд энэ өдрийн мэнд. Бичих зүйлс минь эх орныхоо төлөө, танд ойлгуулах гэсэн агуулга маань ч бас энэ эх орны эздийн төлөө гэдгийн сануулах илүүц бизээ.
Өдгөө Цагаан толгой ордоо 30 сая ам.доллараар “Modun Resources” компанид зарсан Саусгоби Сэндс-ийн удирдлагууд одоо Сүмбэр гэх ордоо хятадуудад 54 сая ам.доллараар зарахаар болсон тухай хэвлэл мэдээллээр бор шувуу нисээд эхэлсэн. Сүмбэр ордыг зарахад Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагийн дэмжлэггүйгээр Саусгоби Сэндс-ийн энэ наймаа бүтэхгүй. Учир нь гэвэл тус аймгийн Гурвантэс, Ноён сумдыг дамнан байрлах Сүмбэр орд болон Билүүт орд газар нь 2005 оноос хойш Өмнөговь аймгийн тусгай хамгаалалтад байгаа. Аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу, мөн хуулийн дагуу 5 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалтад байсан тус орд хэсгийн газрыг үргэлжлүүлэн тусгай хамгаалалтад оруулах шийдвэр 2010 онд гарсан юм. Эдгээр ордын баталгаат нөөц нь 133 сая тонн, нэмэгдэх нөөц нь 70 сая тонн, нийтдээ 203 сая тонн маш сайн чанарын нүүрсний нөөцтэй. 2010 оны тусгай хамгаалалтыг сунгаж шийдвэрийг гаргуулсан хүн нь Засаг дарга Б.Бадраа гэж яригддаг. Тухайн үед Ноён сумын Засаг дарга н.Бадамжунайгаар дамжуулан тэрхүү газрын тусгай хамгаалалтын хугацааг дахин 5 жилээр сунгуулах хүсэлтийг ИТХ-аар оруулж дэмжүүлсэн байдаг. Яг энэ шийдвэрээс болоод Саусгоби Сэндс-ийн Монголын газрыг Хятдад зарах наймаа гацаанд оржээ.
Хэрэв тусгай хамгаалалтыг цуцлах юм бол Сүмбэр орд 54 сая ам.долларт зарагдахад бэлэн байна. Гэхдээ тусгай хамгаалалттай байсан ч хамгаалалтгүй байсан ч уг орд газрыг зарахдаа хүрвэл зарна. Үүний нэг жишээ бол Өмнөговь аймгийн засаг даргын 2010 оны 5-р сарын 4-ний өдөр 226 тоот захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайтад байрлах 15050654 нэгж талбарын дугаартай 148,1 га газрыг “Сантранс” ХХК-д таван жилийн хугацаагаар ашиглуулах эрхийг олгосон. Ашиглуулах эрх өгснөөрөө зарах эрх өгөхөд бэлэн байгааг харуулж байгааг дүгнэж болно. Гэвч хууль зөрчсөн үйлдлээр тус ордыг зарахгүй нь ойлгомжтой. Учир нь урьд нь томоохон мөнгөний хэрэгт орж өршөөлийн хуулиар өдий зэрэгтэй яваа засаг дарга хууль ёсны нь дагуу тусгай хамгаалалтыг цуцлуулж байж цааш хэрхэх нь шийдэгдэнэ. Нэгэнт байдал ийм болсон хойно Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа энэхүү тусгай хамгаалалтыг хэвээр нь үлдээх талаар хөөцөлдөхгүй бол хардлага сэрдлэгэд өртөхгүй гэдгийг санахад илүүдэхгүй байх.
Харин сүүлийн үеийн мэдээллээр засаг дарга Б.Бадрааг аймгийн ИТХ-даа шахалт үзүүлж Сүмбэр орд газрын тусгай хамгаалалтыг цуцлуулахаар хөөцөлдөж байна гэх болсон. Энэ мэдээлэл хэр эх сурвалж сайтайг мэдэхгүй ч ийм үйлдэл хийхгүй байгаасай гэж эх орончдынхоо өмнөөс найдаж байна. Нэгэн үед Саусгоби Сэндс-ийн нэр бүхий албан тушаалтнуудыг “гөлөг”-өөр нь дуудан хөөж байсан Б.Бадраа дарга өнөө Саусгоби Сэндс-ийн удирдлагууд болох Курт Черч, Жастин Капла болон ажилчин төлөөлөгчидтэй удаа дараа уулзаж байгаа нь Саусгоби Сэндс-ийн зарах сонирхолтой байгаа тус орд газрын талаар байж болох хамгийн их магадлалтай мэт санагдана. Саусгоби Сэндс компанитай өөр ямар шалтгаанаар уулзаж болохыг уншигч та өөрийн таамгаа хэлэх эрхтэй шүү.
Муу мэдээ нь нэг иймэрхүү. Харин сайн мэдээ нь гэвэл Саусгоби Сэндс-ийн мэдэл дэх Сүмбэр, Билүүт ордууд байрлах тэрхүү тусгай хамгаалалттай газрыг нь чөлөөлөхөөс ИТХ-ын дарга Л.Батчулуун нь татгалзаж байгаа гэх мэдээ бий. Уг нь бол цагтаа аймгийн засаг дарга Б.Бадраа, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нар боловсролын байгууллагад хамтдаа ажиллаж байсан, бие биеэ мэдэх сайн танилууд, магадгүй сайн найзууд. Гэвч өдгөө ийн аймаг болоод улс орны хэтийн ирээдүйг шийдэх асуудалд найзын хувьд бус өөр өөрийн шийдлийн хүрээд ажиллаж байгаа нь талархууштай тал юм. Эцэст нь энэ газар нутгийг хэн нь хэндээ зарах нь хэдхэн хүний дур мэддэг зүйл болон хувирах гээд байгаад л санаа зохинож байна. Хэрэв үнэхээр зарж үрэх нь ашигтай, заруулахаас өөр арга байдаггүй юм бол ард түмнийхээ дунд шударгаар “асуулга” явуулж болно шүү дээ.
Агт морио зарах нь эзэн хүний мэдэх хэрэг, авгай хүүхдээ золиослох нь нөхөр хүний ухамсар мэдэх хэрэг, харин газар шороогоо худалдах нь ганц хоёр хүний мэдэх асуудал биш! Үеэс үе дамжин амьдарч ирсэн ард түмний минь мэдэх асуудал байлтай. Бидний түүхэнд ч газар шороогоо харийнханд өгөх дээрээ тулвал хэрхэн босч байсаныг мэдэхгүй хүн байхгүй. Өөрт байгаа зарж болох эд зүйлсээ л зар! Харин ард түмэнд байгаа зарж болохгүй зүйлсийг бүү оролд!



0 comments